Программ хангамж үйлдвэрлэлийн салбарын чуулган эхэллээ
Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын программ хангамж үйлдвэрлэлийн анхдугаар чуулган” ирэх сарын 11-нд болох гэж байна. Энэ талаар чуулган зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийсэн юм.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас санаачлан явуулж буй уг чуулган “Монгол ухаан- Монгол брэнд” уриатай байх аж. Энэ үеэр тус газрын дарга Ц.Жадамбаа “Манай улсад программ хангамж үйлдвэрлэлийн салбар маш эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, одоогоор програм хангамжийн албан ёсны бүртгэлтэй 414 компани бий.
Үүнээс 200 гаруй нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа. Тиймээс эл салбарыг хөгжүүлэхэд төрөөс дорвитой анхаарах, дэмжих цаг нэгэнт болсон” гэлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 8-нд захирамж, гаргаж Хөдөлмөрийн яам, салбарын их дээд сургуулиуд, мэдээллийн технологийн консерциум зэрэг холбогдох яам, байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гаргасан байна.
Энэхүү ажлын хэсэг програм хангамжийн салбарт тодорхой хөрөнгө оруулалт, санхүүжилтийг бүрдүүлэх, оюуны өмчийн үнэлгээг боловсронгуй болгох, уул уурхайн салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх боломжуудыг судлах аж. Түүнчлэн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэхэд дотоодын ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг түлхүү оролцуулахыг бодлогоор дэмжих гарцыг олох гэнэ. Нөгөөтэйгүүр програм хангамжийн компаниудад сан- хүүгийн дэмжлэг үзүүлэхэд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хэр хэмжээний мөнгө төсөвлөх зэргийг анхдугаар чуулганаар ярилцах юм байна. Мөн Монголын Оюуны өмчийн газраас авсан зөвшөөрөлтэй шинэ арга технологи нэвтрүүлсэн хүмүүс патентаа барьцаалж банкнаас зээл авч болох боломжийг судалж байгаа гэнэ.